Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерей  -д өнөөдрөөс эхлэн нээж энэ сарыг дуустал үзэгч олон нийтэд толилуулахад бэлэн болоод байна.
Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 233 шүтээн зургийн бүтээл дэглэгдэж байгаагийн дотор, Эрдэнэ зуу музейн 18-р зууны үед бүтээсэн Гомбо Махгалын цуврал 13 дүр бүхий нагтан бүтээл, Автай сан хааны үеэс монгол оронд шүтэж ирсэн хийдийн гол шүтээн Гомбогүр бурхны дүр, Чойжин ламын сүм музейгээс догшин Арван хангал бурхдын цуврал дүр, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс Өндөр гэгээн Занабазарын хэдэн өөр дүр бүтээлүүд тавигдсан. Бүтээлүүдийн хамгийн бага нь хэмжээтэй нь 10 см, хамгийн том хэмжээтэй нь бүтээл 3 метр хэмжээтэй, өмнө төдийлөн олны хүртээл болж байгаагүй ховор бүтээлүүд байгаагаараа онцлог юм.
Урлахуйн ухааны үндсэн төрөл Танка буюу Шүтээн зургийн урлаг Монгол оронд эрт үеэс хөгжиж XIX-XX зууны үед олон дахин давтагдашгүй бүтээлүүд төрөн гарснаас өдгөө музейн сан хөмрөгт цөөнгүй бүтээлүүд хадгалагдаж байна.
Шүтээн зурагт бурхны хөрөг дүр болон бурхдын жирав буюу намтар түүх, орд өргөө орон хийд, номын багш, хутагт хувилгаан дүр тэргүүтнийг дүрслэхээс гадна монгол танка зурагт түүхэн гавьяат хүний дүрийг бурханчлан бүтээсэн байхаас гадна монголчуудын ахуй зан заншил, соёл уламжлалыг багтаасан дүрслэл оруулсан байх нь цөөнгүй.
Шүтээн зургийг тусгай тиг ёсны дагуу бүтээдэг уламжлалтай, зургийн дэвсгэр өнгөнөөс нь хамаарч нагтан буюу хар дэвсгэрт, гартан буюу цагаан дэвсгэрт, мартан буюу улаан дэвсгэрт, сэртэн буюу шар дэвсгэрт хэмээдэг ангилан үздэг.
Шүтээн зураг бурхны сургаалын нэгэн илэрхийлэл болж гүн гүнзгий утга бэлгэдлийг агуулдаг бөгөөд эрт үеэс өнөөг хүртэл тасралтгүй уламжлан хөгжиж урлахуй ухааны томоохон төрөл соёлын үнэт өв юм.

 

Go Back