“САХИУС ДОГШДЫН БҮЖИГЛЭЛ; ХОРИН НЭГЭН ДАРА ЭХИЙН ЧУУЛГАН” үзэсгэлэн
Улсын их баяр наадамд зориулж
Богд Хааны Ордон Музей-гээс
2024 оны 07 сарын 07-ноос 17-ны хооронд
1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхтэй Даншиг наадам нь Халх Жавзандамбын Их Хүрээний гол баяр байсан юм. 1811 онд IV Богдын (1755-1813) үед “Жахар” цамыг анх гаргаж Даншиг наадамд оруулжээ. Их хүрээнд IV Богдын үед Дүйнхор дацан буюу Дэчингалав дуган нээгдэж Шамбалын номлол дэлгэрч, Дэчингалавын урд Аюуш, Цагаан дара эх дэлгээд сагар жугар хэмээх цам гарч эхэлсэн түүхтэй.
Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Их Хүрээ Даншиг наадмын гол онцлог юм. Их Хүрээнд гарах цамыг Жахар цам гэнэ. Жахар цамд Дамдин Чойжоо сахиусны хурал зан үйл голлоно. Дамдин Чойжоо нь арван хар нүгэл хийснийг буруутгаж, арван цагаан буян хийснийг тэтгэж, буруу зөвийг ялган салгагч Эрлэг номун хаан юм. Номын сахиус ба ядам бурхдын зан үйл, шоглин өргөх, сор залах нууц тарнийн зан үйлүүдийг үйлддэг. “Жахар” нь “төмөр хот” гэсэн утгатай үг. Жахар цам гэх Эрлэгийн цам нь Ямандаг бурхнаас аюулт эрлэгүүдийн балгасыг эвдэж, номхотгосон түүхийг харуулдаг.
Хүрээ цамын баг хувцас дэгийг V Далай ламын зохиосон журам ёсоор Төвдийн Дашлхүмбэ хийдээс авсан ба Жидорын Хамба Агваанхайдүв Хүрээ цамын дэгийг 1835 онд Их Хүрээнд зохиосон нь ХХ зууны эхэн хүртэл гарсан юм.
Жахар цамд 21 шанаг, 21 догшид, дөрвөн уулын савдаг, дөрвөн азар, Цагаан өвгөн, Дитогжад гэсэн дүрүүд гарна.
Энэхүү үзэсгэлэнд Жахар цамын монгол дүр болох Лхачинцэрэн гэх Цагаан өвгөний дээл гутал, зургаадай таягийг олон нийтэд анх дэлгэн үзүүлж байгаа нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох үзмэр болно.
Бурхны шашны хамгаалагч сахиус арван догшдын хөргөөр чимсэн өргөөний өмнө Жахар цам гардаг. Жахар цамд зориулж тусгайлан бүтээсэн уран нарийн хийцтэй маш ховор сахиус догшдын өмсгөл зүүсгэл, танка зураг, зээгт наамал зэрэг 100 шахам үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Мөн тус үзэсгэлэнгээс Тахилын цам буюу бага цамд гардаг Өндөр гэгээний өөрийн мутрын хийцийн 21 дара эхийг үзэж сонирхон уу.
230