Японы вааран урлалын томоохон төлөөлөгч Канэко Харүхикогийн “Тэртээ оршихуйн юмс” үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Тэрээр байгаль эхийн гайхамшиг болсон далайг илэрхийлэхийн тулд Окинавагийн эрдэст хүдрийг нунтаглан шилээр бүрж, өндөр температурт шатаан далай тэнгисийн хөх цэнхэр болон маргад ногоон зэрэг өнгийг гарган авч өвөрмөц, гоёмсог бүтээлээ туурвидаг. Уран бүтээлээ хийхийн тулд гарган авдаг энэхүү уран нарийн технологийг тэрээр ааваасаа уламжлан авч, улмаар хөгжүүлэн сайжруулж яваа юм.
УРАН БҮТЭЭЛЧ КАНЭКО ХАРҮХИКО, КАНЭКО МАСАЁ НАРЫН НАМТАР, УРАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
Канэко Харүхико 1961 онд Японы Фүкүока хотод төрсөн.
Тэрээр керамик урлалын гараагаа 1976 онд Ёрон арал дахь эцгийнхээ ваарын студид эхэлсэн. 1999 онд тэрээр баруун Окинавагийн үзэсгэлэнт Кабира далайн булангийн ойролцоо орших Ишигаки арал дээр өөрийн “Ишигакияки” ваарын студийг байгуулсан.
Канэко нь техникийн болон урлагийн өндөр мэдрэмжээрээ олон бүтээл туурвисан бөгөөд эдгээрээс дурдвал:
• Навчин хээтэй тэнмокү цайны аяга (2009)
• Ёохэн-тайхи тэнмокү технологийн цайны аяга
(2010; дэлхийд анхдагч бүтээл бөгөөд Британийн музей худалдаж авсан)
• Ютэки тэнмокү аргыг төгс боловсруулсан (2012)
• Усан биндэръяа шил (Ишигаки цэнхэр) үйлдвэрлэх процесс (2015) орно.
Канэко нь Ишигаки цэнхэрийг Парис дахь дүрслэх урлагийн үзэсгэлэн дээр хоёр алтан медаль хүртсэн том хэмжээний керамик бүтээл болох “Silent Blue Wall”-ыг бүтээхэд ашигласан. Мөн тэрээр 2015 онд Хятадад 1000 жилийн өмнө хийгдэж байсан “Ютэки тэнмокү” паалангийн найрлагыг тодорхойлж, Ишигаки цэнхэрийн материалаар дахин бүтээжээ. Тухайн жилдээ Ютэки тэнмокүг орчин үеийн керамик урлагт хэрэглэж ирсэн Ишигаки цэнхэр шилтэй хослуулж чадсан.
Масаёо Харүхико 1966 онд Японы Ёкосүка хотод төрсөн. Нарийн үнэт эдлэл, загварын дагалдах хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн компанид ажилласны дараа тэрээр 2005 онд гэрлэлтээ батлуулж, Ишигакид суурьшжээ. Харүхикогийн гар дор керамикийн урлагт суралцсанаас хойш тэрээр шинэ санаа боловсруулах, загвар гаргах, студийн ажилтнуудын бүтээлүүдийг эцсийн шатанд хянан шалгах үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцох болсон. 2018 онд Тайвань дахь үзэсгэлэнгээр Масаёо нь Харүхикогийн гол хамтрагч гэдгээ баталсан билээ. Өнөөдөр эхнэр нөхөр хоёр өөрсдийгөө урлагийн нэгдэл гэж үздэг бөгөөд KANEKO-ийн төслүүдэд хамтран оролцож байна.
Харүхико, Масаёо нар өөрсдийн бүтээлээр болон соёлын солилцоогоор дамжуулан Японы керамик эдлэлийн хил хязгаарыг өргөжүүлэн дэлгэрүүлэхээр дэлхий даяар идэвхтэй оролцож байна.
Мөн Монгол улсад ирж керамикийн талаар хичээл орж, тоног төхөөрөмж хандивлаж байсан. Тэд Ишигаки хотод оршин суудаг.
Бидний нүднээ тусаж буй бодит байдал үнэхээр үнэн мөнийг хэрхэн тусгаж буй бол? Зөвхөн харагдаж байгаа зүйл л үнэн байх уу? Нүдэнд буух бодит байдал үнэн мөнийг хэрхэн тусгаж буйг үнэхээр мэдэх хэрэгтэй биш гэж үү?. Өдөр тутмын амьдралд алгасаж орхигдсон, мартагдсан жижигхэн агшин, оршиж байгаа ч харагдахгүй байгаа зүйлс, мөн бусдын нүдээр харж буй өөрийн дүр төрх…..
Энэхүү үзэсгэлэн нь харагдах болон оршихуйн завсарт орших үнэн мөн чанарт ойртоно. Бүтээлийн тусламжтайгаар та өөрийн нүдэнд харагдаж буй зүйл үнэхээр жинхэнэ эсэх, мөн харагдахгүй зүйлс хэр зэрэг баялаг утгатайг дахин нэг бодох боломжтой болно. Толинд харагдах хязгааргүй орон зай, түүний цаадах өргөн уудам танил бус ертөнц. Эдгээр бүтээлүүд таны өдөр тутмын амьдралд орших гоо сайхан, гайхамшгийг дахин нээхэд туслах болно. Мөн бусдын нүдээр харагдаж буй өөрийн дүр төрх жинхэнэ нь уу, эсвэл та өөрийн шинэ дүр төрхийг бий болгож байгаа юу? гэдэг асуултыг танд тавина. Энэ үзэсгэлэн нь таны мэдрэмж, ухамсрыг өдөөж, шинэ харах өнцөг болон мэдлэгийг өгөх болно гэж найдаж байна. Харагдахгүй зүйлд анхаарлаа хандуулж, оршихуйг нь мэдэрч, өдөр тутмын амьдралд орших хязгааргүй боломжийг дахин нээхэд тань бид туслахыг хүсэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы төв
Хамтран зохион байгуулагч: Богд Хааны Ордон Музей
Дэмжигч: Нарны наадам НҮТББ
Go Back