Уран хатгамал, үйл урлах монгол ухааныг олон талаас нь судалж, багш шавийн барилдлага дэлгэрүүлж, эрт цагаас эдүгээ хүртэл монголчуудын бүтээсэн гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах эрхэм зорилготой байгуулагдсан “Мандчирын наран” ТББ-аас санаачлан, Богд хааны ордон музейтэй хамтран 6 дахь удаагаа зохион байгуулж буй “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн өнөөдөр (2024.02.01) нээлтээ хийлээ.
Алтан саа бүхий Нацагдорж хээг Өлзий, Хас, Алхан хээгээр тойруулан хүрээлж, хөх, улаан хоргойгоор давхар захалсан, доод талдаа өнгө бүрийн утсан цацагтай тансаг унжлагыг Богд хаан сэнтийдээ залдаг байсныг энэ үзэсгэлэнгээс харж болно. Уран нарийн хийцтэй сэнтийн унжлагууд бүгд хаан, хатны нас буян дэлгэрч, өлмий бат сайхан оршихыг бэлгэдсэн өнгө, хээ, дүрслэлтэй. Бурхан тахил, нууц шүтээнийхээ өмнүүр хөшиглөн татдаг динговын уран нарийн хийц үзсэн хүн бүрийн мэлмийг баясгана. Хааны шүтээнийг хүн бүр харж болдоггүй байсныг дингов гэрчлэх мэт… Үзэсгэлэнгийн хойморт заларсан бүтээлүүдээс Богд хааны хүүхэд ахуйдаа өмсөж байсан төвөд ханчин гутал нүд булаана. Улаан хилэн өнгөтэй, ширмэл зузаан ултай, зулаг дээр нь луу, загас, хатан сүйх, хаан бугуйвч, үүл хатгасан уран нарийн хийцтэй энэ гутлыг Богд хааны ордон музей олон нийтэд төдийлөн дэлгэн харуулж байгаагүй юм. Энэ гутлыг хааны ордны үйлчид урласан уу, Төвөд урлаачид бүтээсэн үү гэдэг нь тодорхойгүй ч тухайн цагийн уран бүтээлчид ур чадвар, авьяас билиг төгөлдөр байсныг илтгэнэ.
“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн хааны ордны хосгүй нандин бүтээлүүдийг өнөө цагийн уран үйлчдийн бүтээлтэй харьцуулан харах боломж олгодог. Энэ удаа зүү ороон хатгаж, зээг дарж оёсон, шүр, сувдаар чимэглэсэн хаан, хатны гутлыг өнөө цагийн уран бүтээлчдийн чамин тансаг хийцтэй, монгол гутлуудтай харьцуулан шинжээрэй.
Зээгт наамал бүхий “Галт луу” эсгий ширмэл, “Дондогдулам хатан” эсгий шивээсэн зураг, цэмбэ, торгыг хослуулан урласан “Хос хантааз” гээд энэ удаагийн үзэсгэлэн орчин цагийн мэргэжлийн уран бүтээлчдийн монгол хонины ноосоор урласан гайхамшигт бүтээлүүдийг хоймортоо залжээ.
XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн Хаан, Хатан бүтээлийн эзэд энэ сарын 05-нд тодорно.
19 дүгээр зууны урчуудын хосгүй нандин бүтээлүүдийг өнөө цагийн уран үйлчдийнхтэй зэрэгцүүлэн харах боломж олгодог “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн энэ сарын 05-ныг дуустал Богд хааны ордон музейд дэлгэгдэнэ.