Богд хааны ордон музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнг 2024 оны 02 дугаар сарын 17-с 27-ны хооронд олон түмэндээ толилуулж байна. Уг үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагддаг нэг өдөр бүтээсэн 30 гаруй Цагаан дара эх бүтээлийг тахилын эд зүйлсийн хамт дэлгэн үзүүлж байна.

Мөн энэ өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхны Шашны Дээд Сургуулийн Урлахуйн ухааны урлаачтай хамтран нэг өдрийн Цагаан дара эх бүтээх ёслолыг зохион байгуулж байна.

Цагаан дара эх бүтээх ёслол хатан Дондовдуламыг Цагаан дара ноёнд өргөмжилсөн үеэс эхэлж 1924 он хүртэл үргэлжилсэн юм. Их хүрээнд Урлахуй ухаанаар мэргэшиж буй урлаачид шинийн наймны өглөөнөөс үдшийн  бүрийн хүртэл Өндөр гэгээн Занабазарын дэгээр Цагаан дара эх бурхныг бүтээж, шалгарсан бүтээлүүдээ VIII Жавзандамба хутагт, хатан Дондовдулам нарт өргөдөг уламжлалтай байсан. Урлаачид энэ бүтээлийг бүтээснээр бурхан бүтээх эрхээ авдаг байсан гэдэг.

 

Go Back