Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс “…1926…” сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

Монголын шинэ үеийн соёлын анхны байгууллагын нэг нь музей  юм.

Ардын засгийн газраас  шинэ цагийн  эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны  байгууллага  Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүний харьяа    улсын үзэсгэлэнгийн газар (музей)  байгуулах шийдвэрийг 1921 онд гарган, анхны дүрэмдээ  тусгаснаар улсын музей байгуулах бэлтгэл ажил өрнөж, 1924 оны намар үүд хаалгаа нээсэн түүхтэй.

1924 оны 5 сард Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт жанч халснаар хутагтын сан болон орднууд дахь эд юмсыг  тоолох хураах комисс гарч Судар бичгийн хүрээлэнд нэлээдгүй эд өлгийн зүйлсийг шилжүүлэхийн сацуу 1926 оны 4 сарын 1-ны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордныг улсын музейн байр болгох шийдвэрийг гаргасан байдаг.  Энэ үеэс  Монгол улс тогтмол үйл ажиллагаатай музейтэй болсон билээ.

Энэхүү үзэсгэлэндээ Богд Хааны Ордон музей сан хөмрөгт хадгалагдах Хаан хатны өмсгөл, амьтны цуглуулга, шашны эд өлгийн зүйлээс бүрдсэн 50 гаруй үзмэрийг дээжлэн үзүүлнэ.

Go Back