ХVII зуунаас ХХ зууны эхэн үе хүртэл Монголд найман Богд Жавзандамба хутагт албан ёсоор Монголын бурханы шашны тэргүүнд өргөмжлөгдөж байв.
Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар (1635-1723), II Богд Жавзандбамба хутагт Лувсандамбийдонмэ (1724-1757) нар Монголоос тодорсон бол удаах Богд Жавзандамба хутагтын дүрүүдийг (III-VIII) Манжийн хааны зарлигийн дагуу Төвдөөс тодруулсан байдаг. VIII Богд Жавзандамба хутагт 1869 оны намрын сүүл сарын шинийн 8-ны өдөрЛхас хотын ойролцоо Далай ламын шадар түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын гэр бүлд мэндэлжээ.
Бүрэнт засагчийн 10 дугаар(1871) оны 12-р сарын 20-ны эрхэм бэлгэт сайн өдөр Далай лам тэргүүтэй лам нар шавга татан Гончигцэрэнгийн хөвгүүнийг Халхын шарын шашны тэргүүн Богд гэгээний хойт дүр мөн болохыг тодруулав. Далай лам түүнд номын нэр хайрлаж, хадаг, бурхан сахиус шагнажээ. Далай ламын соёрхсон Агваанлувсанчойжиням-данзанванчигбалсамбуунэрийг түүнд (Хэлний эрхт сайн оюут номын наран шашныг баригч эрх баялаг) соёрхжээ.
Монголоос Сайн ноён хан аймгийн Чин ван Санга-шри, Түшээт хан аймгийн засаг чин ван Лувсанбазар, Да хүрээний хамба номун хан Балданчоймбол, да лам Дашдорж нар тэргүүтэй 400 гаруй хүмүүс, 1874 оны 9-р сарын 30-нд VIII Богд Жавзандамба хутагтыг Их хүрээнээ залж, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 5-нд Хутагтын ширээнээ өргөмжилж, Халхын 4 аймаг, шавь 5 газраас Бат-Оршил өргөжээ.
1875 ондМанж чин гүрний эзэн хаан VIII Богд гэгээнд алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг шагнажээ.Халх Монголын найман Богд Жавзандамба хутагтуудаас гагцхүү VIII Богд Жавзандамба хатан буулгасан, гавжийн дамжаа барьсан (1908он) зэрэг урьд урьдын дүрүүдээсээ ихээхэн өвөрмөц намтартай хүн байв.
VIII Богд Жавзандамба хутагт Ар, Өвөр Монгол хийгээд бусад монголчуудын дунд үлэмж нэр хүндтэйн учир, Монголын эрх чөлөөний хувьсгалыг санаачлагчид түүнийг хүрээлэн нягтарч, Манж чин гүрний 220 гаруй жилийн дарлалыг халж,тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахын төлөө тууштай тэмцэж байжээ.Үүний үр дүнд 1911 оны 12-р сарын 29-ны өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хаанаар, хатан Дондовдуламыг Улсын эх дагинаар тус тус өргөмжилсөн юм.Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Богдын төвийн шар ордныг Төрийн шар ордон болгон өөрчилж, тэнд төр, шашны үйл хэргийг хослуулан өрнүүлж байв.
VIII Богд Жавзандамба хутагт 1911-1919 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт нарангэрэлт түмэннаст эзэн хаан,1921-1924 онд (Ардын хувьсгалын дараа) шашны асуудал эрхэлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад мөн оны хавар 55 настайдаа өвчний улмаас таалал төгсчээ.