“Монгол Төрийн Хатан Эрдэнэ”
Эрдэнэ Сэцэн, Шашныг өрнүүлэгч, Чин сүсэгт, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай Дайчин, Ялгуусан дагина, Эрх цагаан дара ноён, Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “МОНГОЛ ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Улсын эх дагина Дондовдуламын мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол төрийн хатан эрдэнэ Дондовдулам нь 1874 оны намрын адаг сарын 15-ны өдөр Халхын Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хошууны нутагт, Цэндийн гэр бүлд мэндэлжээ. Хатныг бага залууд нь Дунгаа гэж дууддаг байв.
1896 онд VIII Богд Жавзандамба хутагт Амарбаясгалант хийдэд очиж Өндөр гэгээний шарилд мөргөл үйлдэх үеэр анх танилцсан гэдэг. Тэр үеэс Богдын өргөөнд ирж, ордны ёс журам, дэг жаягт суралцан зургаан жил болсны хойно Цагаан дара-д өргөмжлөх ёслол үйлдэж, 1903 онд Чин улсын Бадаргуулт төр хааны зарлигаар “Ачлалт ялгуун дагина, эрх Цагаан дара ноён” цолоор шагнуулснаар “Эрдэнэ сэцэн ноён” хэмээн ард олон алдаршжээ.
Очир хөлгөн нууц тарнийг Бурхан багш номлохдоо Очирдара бурхны дүрээр, юм (дагина) лүгээ хамт айлдсан ба Очирдара бурхны юмыг Дондовлхам (Тус бүтээгч охин тэнгэр) хэмээсэн байдаг. Энэ ёсоор Халхын шашны эзэн Очирдара Богд Жавзандамба хутагт өөрийн гэргийд Дондовдулам хэмээн алдар хайрласан бололтой.
Эх Дагины нэр хүндийг алдаршуулахын тулд 1903 онд “Эх Дагины аймаг” -ийг байгуулан, дөрвөн отог шавийг хувь болгон шагнасан. Тэрээр Их хүрээнд 120 гаруй урчуудыг цуглуулан Богдын ордны дэргэдэх Сангай урчуудын аймгийг удирдан ажиллуулж байсан байна.
1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгдөхөд хатан Дондогдуламыг “Шашин төрийг хослон өрнүүлэгч, чин үнэн сүжигт, тус ачлалт, тунгалаг чандмань, далай дайчин ялгуусан дагина, Эрх Цагаан Дара, Эрдэнэ сэцэн ноён, айлдал энэрлийн эзэн гурван орны дагинасын эрхэмтэн Улсын Эх Дагинийн гэгээнтэн” -д өргөмжлөн залсан.
Улсын Эх дагина Богд хаантай 21 жил ханилаад 1923 онд 5 сард 49 насандаа таалал төгсжээ.
Түмэн өлзий гийсний энэхүү өдөрт зориулан Богд Хааны Ордон музей “Улсын Эх Дагина Их” тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгээс хатны шашны болон төрийн ёслолын өмсгөл,эдлэл хэрэглэл, ордны урчуудын бүтээсэн уран бүтээлүүдийг үзэх болно.
151