Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоол, “Соёлын тухай” хууль, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх, зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ээс 30-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын Улсын хорооноос улс орон даяар зохион байгуулах гэж байна.
“Соёлын бүтээлч сар” аяныг 2021 оноос уламжлал болгон зохион байгуулж, нийт 5,691 арга хэмжээнд 1,622,000 иргэдийг хамруулж байсан.
Энэ удаагийн аяныг “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2000 орчим арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор 11 дүгээр сарын турш зохион байгуулахаар төлөвлөлөө.
Мөн Соёлын бүтээлч сар аянаар “Өвлөн бүтээх өнөө ирээдүй…” уриан дор орчин цагийн Монгол Улсын түүхэн хүмүүн болох Улсын их дагина Цэндийн Дондогдулам, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат нарыг онцолж, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, түгээхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Түүнчлэн улс, аймгийн музей, мэргэжлийн урлагийн байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төв, ордон нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд 21 аймаг, нийслэл, дүүрэг, сумдын соёл урлаг, спортын 454 байгууллага, 1600 орчим арга хэмжээг зохион байгуулна.